Урьдчилсан сонгон шалгаруулалтын урилга
Огноо: 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдөр
Нэр: Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах компани (консорциум)-ийг шалгаруулах урьдчилсан сонгон шалгаруулалт
1.Таван толгойн нүүрсний ордын тодорхой хэсэг талбайд хөрөнгө оруулж хамтран ажиллах компани (консорциум)-ийг сонгох зорилгоор гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүдийн дунд энэхүү урьдчилсан сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлаж байна.
2.Монгол Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолын дагуу Таван толгойн нүүрсний ордыг ашиглахтай холбоотойгоор дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцөлийн талаар хэлэлцээ хийх гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоотой нэгдсэн компани (консорциум)-ийг энэхүү урьдчилсан сонголтоор шалгаруулна.
3.Хэлэлцээний дүнд шалгарсан оролцогч “Эрдэнэс-Таван толгой” компанитай сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан Таван толгой ордын коксжих нүүрс бүхий (Цанхийн баруун хэсэг бүхий) талбайд нүүрсний олборлолт, борлуулалт болон орд ашиглах, бүтээгдэхүүн тээвэрлэхтэй холбоотой дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөлд хөрөнгө оруулж хамтрах талаар гэрээ байгуулж ажиллана.
4.Урьдчилсан сонгон шалгаруулалтад оролцохыг сонирхогч этгээд материалаа дор дурдсан хаягаар 2011 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 16:00 цагаас өмнө ирүүлнэ. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүйгээр буцаана.
5.Урьдчилсан сонгон шалгаруулалтын баримт бичиг, түүнтэй холбогдох мэдээллийг Интралинк веб хуудас (www.intralinks.com)-ны “Датарүүм” мэдээллийн сангаас авч болох бөгөөд уг асуудлаар “Эрдэнэс МГЛ” ХХК-д холбоо барих хаягаар хандана уу.
6.Урьдчилсан сонгон шалгаруулалтад оролцохыг сонирхогч этгээд сонгон шалгаруулалтын баримт бичгийн дагуу бэлтгэсэн өөрийн материалыг шуудан, буухиа шуудан болон итгэмжлэгдсэн бие төлөөлөгчөөр дамжуулан зохих журмын дагуу битүүмжлэн ирүүлнэ. Оролцохыг сонирхогч этгээд нь материалаа бэлтгэх, ирүүлэхтэй холбогдож гарах аливаа зардлыг өөрөө хариуцна. Хэрэв оролцохыг сонирхогч этгээд хүсэлт гаргасан бол урьдчилсан сонгон шалгаруулалтын баримт бичгийг электрон шуудангаар хүргүүлж болно.
7.Оролцохыг сонирхогч этгээд нь Урьдчилсан сонгон шалгаруулалтын баримт бичгийг 8,000 (найман мянга) америк доллараар, эсхүл түүнтэй тэнцэх Монгол төгрөгөөр эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр худалдан авч болно. Төлбөрийг харилцах дансаар хийх бөгөөд харилцах дансны мэдээллийг холбоо барих хаягийн дагуу холбогдож авна уу. Харилцах дансаар дамжуулж хийсэн төлбөрийн баримтын хуулбарыг холбоо барих хаягт заасан факс, эсхүл электрон шуудангаар ирүүлнэ. Төлбөрийг биеэр болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан бэлнээр хийж болно.
8.Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах асуудлаар өмнө нь яриа хэлэлцээнд оролцож, мэдээлэл авч байсан компаниуд энэхүү урилгын 7-д дурьдсан төлбөрийг төлөхгүй.
9.Материал ирүүлэх, холбоо барих хаяг:
“Эрдэнэс МГЛ” ХХК
“Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран
ажиллах компани (консорциум)-ийг шалгаруулах
урьдчилсан сонгон шалгаруулалт”
Дипломатын 95 дугаар байр, 37 тоот
Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо
Улаанбаатар хот, Монгол Улс
Утас: +976-7011-0735, +976-7011-0625
Факс: +976-7011-0725
Е-mail: tt_info@erdenesmgl.mn
Холбоо барих хүн: Ч.Батбаатар (утас: +976 9907-1318)
Ч.Мөнхбат (утас: +976 9911-7841)
Засгийн газрын ажлын хэсэг
Төрийн өмчийн хороо
Эрдэнэс МГЛ